10 жилийн турш ходоодны хорт хавдрын нээлттэй мэс засал ба дурангийн мэс заслын үр дүнгийн баталгаа


Ходоодны эрт үеийн хорт хавдрын үед ходоодны дурангийн мэс засал болон хэвлийн дурангийн мэс засал түгээмэл байдаг боловч ходоодны хүндэрч байгаа хорт хавдрын үед хийгддэггүй. Учир нь нээлттэй мэс заслын аргаар хавдрыг бүрэн арилгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм. Гэвч ходоодны хорт хавдрын хүндэрсэн түвшний үед ч дурангийн мэс засал нь нээлттэй мэс заслаас илүү хүндрэл багатай бөгөөд үр дүнгийн (дахих түвшин) хувьд ижил дүнтэй гарсан байна.

Ажу их сургуулийн профессор Хан Сан Үг, Сэбэранс эмнэлгийн профессор Хён Ү Жин нараас эхлээд 13 эрүүл мэндийн байгууллагын 20 мэс засалчдаас бүрдсэн БНСУ-ын дурангийн мэс засал, ходоод гэдэсний замын судалгааны нийгэмлэгийн судалгааны баг нь өнгөрсөн 2011 оноос хойш эхлэн 10 жилийн хугацаанд хүндэрсэн түвшний ходоодны хорт хавдрын нээлттэй мэс засал ба дурангийн мэс заслын аюулгүй байдал, үр дүнтэй байдлыг харьцуулсан судалгааны үр дүнг 8-р сард АНУ-ын Клиникийн хавдар судлалын сэтгүүлийн (Journal of Clinical Oncology) онлайн хэвлэлд нийтлүүлсэн байна.

Судалгааны баг нь 2011 оны 11-р сараас 2015 оны 4-р сар хүртэлх хугацаанд дурангийн мэс засал хийлгэсэн 524 өвчтөн, нээлттэй мэс засал хийлгэсэн 526 өвчтөн нийт 1050 өвчтнийг сонгож, хасах шалгуураар 76 өвчтөнг хасч, дурангийн мэс засал хийлгэсэн 492 өвчтөн, нээлттэй мэс засал хийлгэсэн 482 өвчтөнүүдэд эцсийн дүн шинжилгээ хийсэн байна. Гэхдээ бусад эрхтэнд үсэрхийлсэн тохиолдлыг оруулаагүй болно.

Дурангийн мэс засал хийлгэсэн 492 өвчтөн нь дурангийн ходоод тайрах мэс засал (ходоодны 2/3 хэсгийг тайрч авсны дараа үлдсэн ходоод, нарийн гэдсийг холбодог мэс засал), D2 тунгалагийн зангилааг тайрах мэс заслыг (хүндрэл явагдаж байгаа ходоодны хорт хавдраас ходоодыг салгахын зэрэгцээ эргэн тойрны бүх лимфийн зангилааг тайрч авах мэс засал) хийлгэсэн.

Үүний үр дүнд мэс заслын үр дүнг тодорхойлох чухал үзүүлэлт болох хүндрэлүүд үүсэх тохиолдолд, эхэн үеийн хүндрэл (дурангийн мэс засал ба нээлттэй мэс засал, 15.7% ба 23.4%) болон хожуу үеийн хүндрэлүүд (4.7% ба 9.5%) дурангийн мэс засал нь нээлттэй мэс заслаас хамаагүй бага байсан байна.

Ялангуяа хожуу үеийн хүндрэлээс мэс заслын дараах гэдэсний түгжрэлийн хэмжээ тус тус 2.0% , 4.4% -р дурангийн мэс засал мэдэгдэхүйц бага байв. Мэс засал хийлгэсний дараа  гэдэсний түгжрэл үүсвэл амьдралын чанарыг ихээхэн бууруулаад зогсохгүй хүнд тохиолдолд  ​​амь нас эрсдэхэд хүргэдэг.

Судалгааны баг нь өнгөрсөн KLASS-01 судалгаагаар ходоодны хорт хавдрын эрт үеийн мэс заслын дараах нас баралт, эрт үеийн хүндрэлүүдээр дамжуулан дурангийн мэс заслын аюулгүй байдлыг нотолсон бөгөөд энэхүү KLASS-02 судалгаанд хүндрэл явагдаж байгаа ходоодны хорт хавдрын үед ч дурангийн мэс засал нь мэс заслын дараах хүндрэлийг илүү бууруулах боломжтой болохыг баталсан байна.

Мөн мэс заслын дараах хамгийн их санаа зовоож байгаа 3 жилд дахилтын үзүүлэлт байхгүй тохиолдлын хувьд дурангийн мэс засал 80.3%, нээлттэй мэс засал 81.3% байсан бөгөөд хоёр өвчтөний бүлгийн хооронд мэдэгдэхүйц ялгаа байхгүй байв. Оролцсон мэс заслын тасгийн эмч нарын туршлага зэргийг дүгнэн олон хувьслын дүн шинжилгээнд ч мэс заслын арга нь өвчтөнүүдийн хавдар дахилтгүй байдалд нөлөөлөөгүй болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нээлттэй мэс засал ба дурангийн мэс заслын аль алинд нь мэс засал хийсний дараа хавдар дахих түвшинд ялгаа гараагүй байна.

Энэ судалгааны гол хариуцагч бөгөөд судалгааны материалын хариуцагч Ажу их сургуулийн эмнэлэгийн ходоод гэдэсний мэс заслын тасгийн профессор Хан Сан Үг "Энэ судалгааны үр дүн нь БНСУ-ын 13 эрүүл мэндийн байгууллагын олон тооны мэс заслын эмч нар 10 жилийн турш ходоодны хорт хавдрын үед нээлттэй мэс засал, дурангийн мэс заслын эмчилгээний үр нөлөөг эмнэлзүйн хувьд баталгаажуулсан бөгөөд дэлхийд ходоодны хорт хавдрын дурангийн мэс заслын талаархи стандарт удирдамжийг бий болгосон нь ач холбогдолтой юм” гэсэн байна.

Мөн "Ходоодны хорт хавдар нь Солонгосчуудын дунд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар хэвээр байгаа бөгөөд ходоодны хорт хавдраар шаналж буй олон өвчтөнд баталгаатай, аюулгүй мэс заслын аргыг танилцуулж байгаа нь үр өгөөжтэй санагдаж байна ”гэж тэрээр нэмж хэлэв.

Дурангийн мэс засал нь хэвлийн хөндийд 4-5 жижиг нүх гарган дурангийн мэс заслын багажийг нүхээр оруулан хүссэн хэсгийг тайрах мэс заслын арга бөгөөд том зүсэх бус жижиг нүх гарган хийдэг учраас зүсэлтийн хэмжээ бага байдах. Энэ нь жижиг сорви, өвдөлт бага, хурдан тэнхэрч өдөр тутмын амьдралдаа орох гэх мэт хэд хэдэн давуу талтай тул олон төрлийн өвчинд өргөн хэрэглэж байна.




Share: